УГСААТАН ЯСТАН ҮНДЭСТЭН, ТЭДГЭЭРИЙН ОНЦЛОГ
Ховд аймаг бол улсын хэмжээнд хамгийн олон угсаатны бүлгүүд амьдран суудаг бөгөөд угсаатан тус бүр өөрийн гэсэн түүх, зан заншил, ахуй, урлаг соёлын өвөрмөц онцлогоороо ялгардаг. Аймгийн хүн ам нь XYI-XYIII зууны үед түүхийн янз бүрийн шалтгаанаар ирж суурьшсан угсаатны бүлгүүдээс бүрддэг.
Алтайн сүрлэг уулсаар нутагтай урианхайн баатарлаг тууль, чандманьчуудын хөөмий, торгууд, захчин, өөлд, мянгад, дөрвөд бий биелгээ, казак домборын аялгуу, цэцэгчүүдийн уран нугаралт гээд угсаатны бүлгүүдийн түүх, урлаг соёл, зан заншил бүхэн бидний бахархал юм. Ховд аймгийн хүн амыг бүрдүүлж буй угсаатны бүлгүүдийн талаар товч өгүүлье.
УГСААТНЫ ТАРХАЛТЫН ЗУРАГ
АЛТАЙН УРИАНХАЙ
Алтайн урианхайчууд Дуут, Мөнххайрхан сумдад аж төрж байна. Урианхай нь гарал үүслийн хувьд Монгол угсаатан дотроосоо одоогийн нэрээрээ тэмдэглэгдэж ирсэн хамгийн эртний гарал үүслийн түүхтэй ястны нэг юм. Урианхайчууд нь дайн байлдааны тэргүүн эгнээнд уриалан дайтдаг зоригт баатар эрстэй овог аймаг байсан бөгөөд Чингис хаан Их монгол улсыг байгуулахад Сүбээдэй, Зэлмэ зэрэг урианхай баатрууд чухал үүрэг гүйцэтгэдэг жанжид байсан. Иймээс урианхайчууд нь эртнээс Алтайн уулсаар нутаглан ан гөрөө хийж амьдардаг анчин гөрөөчин, эрэмгий, дайчин хүмүүс юм.
ДӨРВӨД
Дөрвөдүүд Ховд аймгийн Дөргөн суманд амьдардаг. Дөрвөд нь угтаа Дува сохорын үр хойчис юм. “Монголын нууц товчоо”-нд өгүүлснээр Дува сохорын дөрвөн хүүгийн удмаас угсаалсан тул ийнхүү дөрөв гэсэн тооны нэрээр нэрлэгдэж байснаа хожим нь олны санаа илтгэсэн “Д” нөхцөл залгаснаар дөрвөд гэж нэрлэгдэх болжээ. Дөрвөдүүд ойрадуудыг Алтайд нутаглах болсон үеэс тэдний бүрэлдэхүүнд орсон гэж үздэг.
ЗАХЧИН
Захчингууд эдүгээ Ховд аймгийн Алтай, Үенч, Мөст, Манхан, Зэрэг сумдад аж төрж байна. Анх 1670-аад оны үед Зүүнгарын Галдан бошигт хаан Ойрадын тайж нарын эзэмшил “анги” бүрээс цөөн албат өрхийг татан улсын хил хязгаарыг сахиулан суулгажээ. Энэхүү харуулын ардыг “захчин” гэж нэрлэснээр, захчин хэмээх угсаатны бүлэг түүхийн тавцанд гарч ирсэн байна.
КАЗАХ
Ховд аймгийн Ховд, Булган, Эрдэнэбүрэн, Буянт, Жаргалант, Үенч сумдад казак түмний нэг хэсэг оршин суудаг. Казакын өвөг дээдэс нь YIII-X зуунд Карлуг, XI-XII зуунд Кимак, Кипчак улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад XIII зууны эхээр Их Монгол улсын харъяат болсон байна. Казакын хүн ард XIX зууны дунд үеэс буюу 1864 оноос эхлэн манж хятадын дарлал болон бослого үймээнээс дүрвэж Алтайгаас Ховд руу нүүдэллэж иржээ. Улмаар тэд 1895 онд Ховдын амбанд 9 цагааны бэлэг барьж, байршсан газраа суух зөвшөөрөл олж авчээ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Монгол орон Манжийн эрхшээлээс гарч, Богд хаант Монгол улс байгуулагдахад казакууд Монгол улсад дагаар орох хүсэлтээ Монгол улсын Засгийн газарт илэрхийлсэн байна. Тэрхүү хүсэлтийг Богд хаант Монгол улсын Засгийн газар ёсоор болгож 1917 оны 3-р сарын 23-нд казакууд Монгол улсын жинхэнэ харъяат иргэд болцгоожээ.
МЯНГАД
Мянгадууд Ховд аймгийн Мянгад суманд бөөнөөр аж төрж байна. Мянгадууд анх XIII зууны эхэн үеийн хэрэг явдалтай холбогдон түүхэнд нэр нь тэмдэглэгджээ.
Ховдын Мянгадуудын аман домогт өөрсдийгөө шадар ван Чингүнжавын угсааныхан хэмээн нэрлэж, түүний баатарлаг тэмцлийг шүтэн биширдэг. Тэгээд ч 1937 он хүртэл Мянгадууд голын дацандаа Чингүнжавын цэргийн бага хар тугийг сахиус болгон залж тахиж байсан ажээ. Эрт цагт тал нутгийн ард түмэн уудам газар нутгаа харийн дайснаас хамгаалах зорилгоор цэрэг эрсээ аравт, зуут, мянгат болгон зохион байгуулжээ. Гэтэл баруун хязгаарын нэгэн овогт яаж ч тоолоод цэрэг эрс нь мянга хүрэхгүй нэг дутаад байжээ. Тэр овогт ухаан билэг, уран үйлээрээ алдартай нэгэн бүсгүй байжээ. Тэрээр овгийн ахлагчийнд ирж цэрэгт явах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн боловч овгийн ахлагч зөвшөөрсөнгүй гэнэ. Ингээд цэргээ бүрдүүлж чадалгүй дутуу хэвээр нь дайнд мордуулсан боловч чин зоригт бүсгүй овгийн ахлагчийн хутгыг хулгайлан нууцаар мянган цэргийн тоонд орж нутаг усаа хамгаалан тэмцжээ. Ийм учраас овгийг “мянгад” гэж нэрлэсэн бөгөөд тэр бүсгүйн хатан зоригийг үеийн үед дурсаж явах үүднээс мянгад бүсгүйчүүд бүсэндээ хэт хутга зүүдэг заншилтай болсон гэх ажээ.
ӨӨЛД
Өөлдүүд эдүгээ Монгол улсад Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд амьдран сууж байна.
Өөлдүүд өөрсдийнхөө гарлыг ууль шувуутай холбон тайлбарладаг. Ховдын өөлдийн дунд тархсан нэгэн домгийг сийрүүлбээс: “Эрт урьдын цагт их ой модтой, ой мод нь үр жимстэй нэгэн сайхан нутагт цөөн бог малтай үр хүүхэдгүй өвгөн, эмгэн хоёр амьдран суудаг байжээ. Намар цагийн нэгэн өдөр өвгөн ой модон дотор хонь ямаагаа хариулан явж байжээ. Гэтэл тэр модон дотор нэгэн ууль шувуу дуугарч байгаа сонсогдож гэнэ. Өвгөн яагаад ууль шувуу намрын цагт өдөр дуугарч байдаг билээ хэмээн гайхаж, шувуу дуугарч буй газар очиход, модны нэг мөчирт өлгөсөн манцуйтай хүүхэд уйлж байх бөгөөд модонд ургасан жимсний шүүс дуслан гоожиж, тэр хүүхдийн аманд орж ундалж байсныг үзэж их гайхан, гэртээ хариад үзсэн зүйлээ эмгэндээ нэг бүрчлэн хэлж гэнэ. Эмгэн нь сонсоод өвгөн минь тэр хүүхдийг яагаад авч ирсэнгүй вэ. Үр садгүй та бид хоёрт тэнгэр бурхан үр хайрласан байна шүү. Та маргааш намайг дагуулаад яв. Хоёулаа тэр хүүхдийг авч ирж үрээ хийж авъя гэж хэлж гэнэ. Маргааш нь өвгөн эмгэн хоёрыг очиход урьд өдрийн байдал хэвээр. Ууль шувуу дуугарсаар, модонд өлгөсөн манцуйтай хүүхэд уйлсаар л байж гэнэ. Тэр хоёр авч очсон идээнээсээ цацаж арц уугиулаад модонд нь цагаан өнгийн даавуу уяад хүүхдийг модноос авч гэртээ иржээ. Хүүдээ өлгөөтэй байсан учир өлгөөд гэдэг нэр өгөөд ямааны сүүгээр тэжээж өсгөж гэнэ дээ. Тэр хүүхэд эрэгтэй байсан ба өсч том болоод айл орон болж, тэр хүүхдийнхээс үүссэн өрх айл хүмүүсийг өлгөөдийнхэн гэдэг байжээ. Яван явсаар өлгөөд гэдэг үг нь өөлд болсон гэдэг. Тийм ч учраас өөлдүүд өдгөө ууль шувууг оролддоггүй, алдаггүй бөгөөд түүгээр ч үл барам
Ууль шувуун эцэгтэй
Ургаа модон ээжтэй
Бал бурман мээмтэй
Зандан модон манцуйтай” гэж хэлэлцдэг ажээ.
ТОРГУУД
Торгуудууд Ховд аймгийн Булган суманд аж төрж байна. Торгуудын язгууртнууд нь Хэрэйдийн ван хан Тоорилын угсааныхан юм. Торгууд нь бие бялдар сайтай, Чингисийн торгон цэргүүд байжээ. XYIII зууны дунд үед Манж нар Зүүнгарын хаант улсыг байлдан эзлэхэд Торгуудын тайж Шэйрэн албат иргэдээ дагуулан Ижил мөрөн рүү зугатан очиж 10 гаруй жил суужээ. Гэвч хаант Оросын бодлого тэсвэрлэшгүйд хүрсэн тул 1771 онд Торгуудын ноён Убаши, Шэйрэн нар албат иргэдээ авч Алтайг тэмцэн нүүсэн билээ. Тэд замдаа Орос, Хасаг, Хиргисийн морьт цэргийн хориглолттой олонтаа таарч байгалийн чөмөг царцам хүйтэн, гал ноцом халуунд өндөр уул, усгүй цөлийг үл ажран найман сарын туршид нийт 10000 орчим км газрыг туулсан аж. Торгуудууд ийнхүү Зүүнгарын нутагт амь тэмцэн ирэхэд Ижил мөрнөөс гарсан 33361 өрх буюу 168080 хүнээс дөнгөж 15793 өрх, 66073 хүн үлджээ. 100 000 гаруй хүн нь дайн байлдаанд үхэж үрэгдэх, өвчний учир замдаа орхигдон гээгдсээр үгүй болсон байна хэмээн тэмдэглэсэн байдаг.
ТУВА
Тувачууд хэмээн бидний нэрлэж буй түмэн бол эрт үед эдүгээгийн ОХУ-ын Тувагийн нутаг, Саяны нуруу, Енисей мөрний сав газраас Хөвсгөл нуур хүртэл оршин нутаглаж байсан Дубо хэмээх аймгийн үр хойчис юм. Эдүгээ тувачууд Монгол улсын Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд голчлон, Ховд аймгийн Буянт суманд аж төрж байна. Хуучнаар Алтайн урианхайн долоон хошууны гурван хошуу болох Хар соёны, Цагаан соёны, Хөх мончоогын хошууд Алтайн тувачуудаас бүрдэж байв. Ховдын тувачууд нь энэ гурван хошууны нэг болох Шар даагийн буюу Хөх мончоогын хошууны тувачуудын нэг хэсэг юм. Тийм ч учраас Ховдын тувачуудыг Мончоого хэмээн нэрлэдэг. Ингэж “Хөх мончоого” буюу “Мончоого” гэж нэрлэх болсон нь эрт үед энэ хошууны ноёд малгайдаа хөх чулуун жинс зүүж явдаг байсантай холбоотой хэмээн үздэг. Хөх мончоогын хошууны нэг хэсэг болох Тувачууд ШУӨЗО-ны Илийн хасаг өөртөө засах зуугийн Алтай аймгийн Хөх тохой, Буурал тохой, Хабаханас, Ээвийн гол зэрэг газруудаар голчлон нутаглаж байсан ба 1940-өөд оны үед Хасаг, Хятадын дайн буюу “Оспаны үймээн”-ээс дайжин нутгаа орхиж 1941-1943 онуудад багцаагаар 30 гаруй өрх нүүдэллэн ирж Ховд аймагт суурьшсан бөгөөд эдүгээ 70-аад жилийн нүүр үзэн аж төрсөөр байна. Ингэж тувачуудын нэг хэсэг Ховдод ирж нутагласан түүхтэй бөгөөд эдүгээ Ховд аймгийн Жаргалант сум болон Буянт сумын Нарийнгол багт голчлон, Цагаан бургас, Норжинхайрхан багуудад цөөн тооны айл өрхүүд аж төрж байна. Ховдын тувачуудын нэг онцлог нь овог яс, ахуй, соёлын уламжлалаа хадгалсаар иржээ. Төмрийн дархны хөөрөг хяс тахих эртний шүтлэгийн уламжлал, Эзэн Чингис хааны хайрласан хэмээн домоглодог “сумтай нуман тамга-аа” Алтайн урианхайн баруун гарынхны заншлаар адууныхаа баруун ташаанд дарах уламжлалаа эдүгээ болтол хадгалсаар байна.
ХАЛХ
Ховд аймгийн Дарви, Чандмань, Цэцэг, Буянт сумдад халхчууд амьдран суудаг. Тэдний өвөг дээдэс нь Чингис хааны отгон хүү Тулуйн 14-р үеийн ач Батмөнх даян хааны бага хүү Гэрсэнзийн ууган хүү Ашихай дарханд захирагдаж явсан олхонууд нараас голлон бүрджээ.
Монголчууд халх хэмээх нэр томъёог XIV зууны сүүлээс л хэрэглэж эхэлсэн ба урьдын халх түмний арын долоон отогт багтаж явсан олон аймаг, овгийн ерөнхий нэр болжээ. Халх хэмээх угсаатны нэр нь Монгол хэлний халхлах, хамгаалах, халхавч гэх үгстэй нэг гаралтай юм.
ХОШУУД
Хошуудууд нь өдгөө БНХАУ-ын ШУӨЗО-ны Баян гол монгол өөртөө засах зуу, Хөхнуур, Алашаа, Монгол улсын Ховд аймгийн Булган сумын Баянгол багт бөөнөөр аж төрж байна.
Хошууд хэмээх нэр анх XIII зууны тэргүүн хагаст Монголын цэргийн зохион байгуулалтаас үүсч, хожим нь аймгийн нэр болсон бололтой. Хошууд аймгийн гарал үүсэл нь Чингис хааны дүү Хавт Хасарын угсааны Боржигон овогтон бөгөөд XY зууны эхэн үед Хавт Хасарын наймдугаар үеийн ач Аругтөмөр, Үрэгтөмөр хоёр өөрийн эцэг Асгалдай ноёныг нас барсны дараа эцгийнхээ өмч албатыг булаалдан эвдрэлцэж, дүү Үрэгтөмөр нь өөрийн албат ардаа дагуулан Хорчиноос тасран салж өнөөгийн Хөлөнбуйр, Хянганы уулсын баруун бие хавийн нутгаас наран шингэх зүгийн ойрадын Тогоон тайшийг түшиж очжээ. Чингэснээр дөрвөн ойрадын доторх хошууд аймаг бий болсон аж.
Баруун монгол түмний угсаатны соёлын онцлогыг таниулж,...
“ЦАЙНЫ ЗАМ ӨВ СОЁЛЫН III НААДАМ" - ын нээлтийн үйл ажиллагаа...
“ЦАЙНЫ ЗАМ ӨВ СОЁЛЫН III НААДАМ" зохион байгуулагдаж...
“Монгол Улсын аварга” цолны хүндэтгэлийн наадам,...