Аймгийн тухай товч мэдээлэл
Ховд аймаг нь Монгол орны баруун хэсэгт БНХАУ, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгуудтай хиллэн оршино. Аймгийн нутаг дэвсгэр дээр мөнх цаст өндөр уулнаас эхлээд нам дор говийн бүс хүртэлх байгалийн олон бүс бүслүүрийг богино зайд үзэх боломжтой. Ховд аймаг нь Монгол орны баруун аймгуудыг нэгтгэсэн эдийн засгийн бүсийн тулгуур төв юм.
Цаст өндөр уулс, уудам их хөндий, гүн их хотгорууд хосолсон ариун дагшин эл бүс нутагт Монголын түүхийн гол гол үеийг төлөөлж чадахуйц археологийн олон хосгүй дурсгалууд болон байгаль эхийн урласан өвөрмөц тогтоцтой газрууд, байгалийн унаган төрхөө хадгалан үлдсэн үзэсгэлэнт газрууд олонтой.
Ховд аймаг бол улсын хэмжээнд хамгийн олон угсаатны бүлэг амьдардаг өлгий нутаг билээ. Алтайн сүрлэг уулсаар нутагтай урианхайчуудын баатарлаг тууль, Чандманьчуудын хөөмий, торгууд, мянгад, тува, захчин, өөлд бий биелгээ, дөрвөд бүжиг, казакуудын домборын аялгуу, Цэцэгчүүдийн уран нугаралт гээд угсаатан тус бүрийн түүх соёл, өвөрмөц зан заншил бол эртнээс уламжлагдан ирсэн бидний бахархал юм.