Хөгжимт драммын театр

Утасны дугаар: 99793969
Цахим шуудан:

Ж.Чулууны нэрэмжит Ховд аймгийн Хөгжимт Драмын театр

1921 оны үндэсний ардчилсан хувьсгал ялсны дараагаар шинэ цагийн Монгол орны соёлын өөрчлөлтийн явцад нийт ард иргэдийнхээ хөгжил дэвшлийн төлөө ухуулга, сурталчилгааны ажил эрхлэхээр Ховдын хязгаарт олон тоогоор байгуулагдсан “Улаан гэр”-үүдээс уламжлан анхны мэргэжлийн урлагийн байгууллагын эх суурийг тавьсан “Залуучуудын клуб” буюу “Олон ястны клуб” 1936 онд байгуулагджээ. Анхны тийм клубийг санаачлагчид идэвхтэй зохион байгуулагчид нь Б. Жамъян, М. Пүрэвжал, Ж. Буянтогтох, Н. Дэндэв нарын ардын урлагаар хүмүүжсэн авъяаслаг уран бүтээлч залуус байв.


Залуучуудын клубийн ажлыг анхнаасаа Ховд нутгийн иргэд идэвхтэй дэмжин санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Тухайлбал Чандмань сумын иргэн Хүрэн Батсуурь 50 эр хонь, эр үхэр, Буянт сумын 9-р багийн малчин Ж. Хайдав эхнэрийнхээ үсний мөнгөн хэрэглэл 20-иод үхрийн хамт тус тус хандивлаж нийтдээ 157 мянган төгрөг хуримтлагдан тэр мөнгөөр клубын барилга барьж, хөгжмийн зэмсэг худалдан авч 1936 оны 11 дүгээр сарын 5-ны 16 цагт Октъябрийн хувьсгалын 19 жилийн ойн үеэр “Клуб” албан ёсоор нээгдэн ажиллажээ. Залуучуудын клубын нээлтийн үеэр Ховд аймагт ажиллаж байсан Зөвлөлт Орос улсын элчин консул Иванов баяр хүргэж хувиасаа 200 төгрөг, Зөвлөлтийн харъяат иргэд 1300 төгрөгийн тусламж үзүүлжээ. Ийнхүү хожмын цуутай Ховдын ХДТ-ын эх суурь тавигдсан байна.

Үүнээс ганцхан жилийн дараа 1937 оны эцсээр Улаанбаатарт Ховд, Сэлэнгэ аймгийн урлагийн клубуудын уран сайхны үзлэг /декад/ явагдахад Ховдынхон олон ястны дуу, хөгжим, бий бүжгээс бүрдсэн концерт, Ж. Буянтогтохын “Цөмийг хамтаар”, “Алиар хүүхний буян”, Ши. Аюушийн “Хатан Долгор, харц Дамдин” жүжгүүд тоглож мэргэжлийн өндөр үнэлгээ авч тэргүүн байр эзэлжээ. Улмаар МАХН-ын ТХ, БНМАУ-ын Засгийн газраас Ховдын Клубыг бүтэц зохион байгуулалтын хувьд томсгон өөрчлөж “Театрчилсан клуб” болгон соёлын салбарт гүйцэтгэх үүргийг нь өсгөн баруун Монголын соёл урлагийн гол төв байх эхлэлийг нээж өгчээ. Хожим энэ театрчилсан клубын тухай эрдэмтэн зохиолч Э. Оюун “Амьдралын зам” номондоо “1937 онд Ховдын клубын уран сайханчид манай Чулууны аав Жамъян гуайн хамт ирж манай театрт тоглох юм гэсэн яриа тархав. Тэгтэл нэг орой тэд ирлээ. “Алиар хүүхний буян” нэртэй дуутай жүжиг тоглож хүмүүс тун их сонирхсон. Гол нь Ж. Алимаахүү гэж хөөрхөн охин гол рольд дуулж бүжиглэхдээ Баруун монголын биелгээ бүжгийг гайхамшигтай хийж сайхан дуулж тоглосон байдлыг хүмүүс шагшин гайхсан. Ер нь одоогийн орон нутгийн хөгжим драмын театруудын жүжигчид дуулдаг бүжиглэдэг байхгүй бол дуутай жүжгийн гол рольд яаж тоглох вэ? түүний дуу бүжгийг өөр хүнээр гүйцэтгүүлэх юм уу үгүй шүү дээ. Орон нутгийн драм ангийнхан гэж өрөвдөм байдалтай байгааг өөрчлөх хэрэгтэй” гэхчилэн тэмдэглэсэн билээ.
Эрдэмтэн зохиолч П. Хорлоо “Үндэсний соёлын зам” сэтгүүлийн 1937 оны ¹1 бичихдээ “МАХН-ын Төв хорооны нэрийн дор байгуулагдсан Ховд аймгийн клубын уран сайхны ажилчдаас 23 хүн (4 нь орон тооны) улсын төвд хүрэлцэн ирж бүгд 15 хоногт тасралтгүйгээр одонт тэмдэгт улсын төв театрын тайзан дээр Ж. Буянтогтохын зохиол “Цөмийг хамтаар”, “Алиар хүүхэн” жүжгийг голлож олон ястны дуу, хөгжим, бүжгээр бүрдсэн концерт улсын алдарт гавъяат уран зохиолч Аюушийн “Хатан Долгор, харц Дамдин” хэмээх аялгуут жүжгийг улсын төв театраас бусад ямар нэгэн төв орон нутгийн театр клубүүдээс ер найруулан тавиагүй атал энэ клуб нь өөрийн хүчин чадлаар туйлын онц чадамгайгаар найруулан өөрийн клуб ба улсын төв театрын тавцан дээр онц сайн чадвартайгаар тавьж үзүүлсэн болохыг тэмдэглэн сайшааж клубыг Намын Төв Хорооноос 2000 төгрөг, Ардын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайдын 176 тоот тушаалаар 25 мянган төгрөгөөр шагнаснаас гадна клубт 10 гаруй жил онц бүтээл гаргасан хөгжимчин Б. Жамъянг улсын бага хурал ба ардын уран сайхны зөвлөлөөс дээд зэргийн гавъяаны аж үйлдвэрийн (хөдөлмөрийн) одон тэмдэгээр сайшаан шагнасан ба клубын жүжигчин, хөгжимчин, дуучин Дэндэв, Лхамжав, Дуламсүрэн, Насанхүү, Алимаахүү, Лхагважав, клубын дарга Санжсамбуу, Баяр, Пүрэвжал, Балчаа, Буянтогтох, Цэндээ, Долгор, Бадамхорлоо, Цэдэндорж, Машлаа, Жамсран, Гончиг, Өлзийтогтох, Бат-Очир, Хорлоо, Дашжав нарыг эгшигт хайрцаг, ширээний цаг, одъял (ноосон хөнжил), чемодан, аяганы хэрэглэл бүхий хайрцаг зэрэг үнэ бүхий зүйлээр хүн тус бүрийг сайшаан шагнасан явдал бол бас хувьсгалт ардын үндэсний уран сайхныг хөдөө орон нутагт өрнүүлэн хөгжүүлэх явдалд хүчтэй түлхэц болж, цаашид улс төрийн талаар үлэмж их ач холбогдолтой болохыг хамтаар илэрхийлэн тэмдэглэсүгэй” хэмээн мэдээлж байсан нь эдүгээ манай театрын ахмад уран бүтээлчдийн анхны хөдөлмөрийн үнэлгээ, хожмын олон авъяастан, алдартнуудын урам зоригийг сэргээсэн үйл явдал болон түүхнээ үлджээ. Энэ талаар Ардын жүжигчин М.Яасай хуучлахдаа “Тэр үед би бага хүүхэд байлаа. Бидэнд бас зэрэг олгож урам хайрласан юм. Клубт З. Дамдин, Ц. Хүүхээ, Х. Галжав, Ц. Баасанжав, Цэрэндулам, Бүдээ, Долгор, Сурмаажав, Дэнсмаа нар идэвхтэй тоглодог байв” хэмээн өгүүлж байлаа. Ийнхүү Ховдод байгуулагдсан уран сайхны клубын анхны уран бүтээлүүд мэргэжлийн урлагийн түвшинд хийгдэж эхэлсэн төдийгүй анхны өдрөөсөө эхлэн авъяаслаг залуусыг цуглуулан уран бүтээлийн салбарт хүчээ авч эхэлжээ.
Театрчилсан клубын үед хийгдсэн нэгэн чухал ажил бол уран бүтээлийн хамт олон, ардын авъяас билэгтнүүдийн хүчээр Ойрад монголчуудын язгуур урлагийн олон төрлийг урлагийн тайзнаа гаргаж үзэгч олонд танилцуулсан явдал байлаа.
Ховдын хязгаарт амьдран суугч Ойрад монгол угсааны олон ардуудын дотроос Торгуудын Торгон таван бийг анхлан түмэн олондоо хүргэгч их авъяастан М. Пүрэвжал 1937 онд Улаанбаатар хотноо Улсын Төв театрт Торгуудын “Их бага Агсал”-ыг дуулж, бийлж мэргэжлийн урлагийн тайзнаа анх “гаргасан” гавъяатай. Тэр цагаас Монголын олон шилдэг бүжигчид Торгуудын Агсал бийг олон улсын хэмжээнд мэргэжлийн урлагийн тайзнаа биелэн Монгол хэмээх нэрийг язгуур урлагаар нь дамжуулан дэлхийн хүн ардад танилцуулсан билээ. Ийнхүү торгуудын бийч ардын авъяастан М.Пүрэвжал гуай Ховдын театраас анхлан ардын урлагийг сурталчлан таниулах их үйлсийн харгуйг гаргасан байна.

 

Хөгжимт Драмын Театр (1950-2010 он)

1950 оны 9 сарын 20-ны өдрийн Ховд аймгийн Театрын дарга Д,Гонгорын тушаалын дагуу уран бүтээлчид шаргуу ажиллаж бэлтгэл ажил хангагдсаны дагуу 1950 оны 11 сарын 25-нд Ховд аймгийн театрчилсан клубийг Хөгжимт драматик театр болгон өөрчлөн зохион байгуулжээ. ХДТ-ын нээлтийн үеэр уран бүтээлчид “Эрэлхэг монголын ард түмэн” нэртэй олон угсаатны дуу, бүжиг, хөгжмийн нэгдсэн концерт, Ч. Лодойдамба, Ц. Зандраа нарын “Эрдэнийн Дорж” жүжиг тогложээ. Анхны даргаар хожим нэрт эрдэмтэн болсон  түүхийн шинжлэх ухааны доктор Д. Гонгор, найруулагчаар ардын жүжигчин Нямын Цэгмэд, найрал дууны багшаар Ц. Дарьсүрэн, хөгжмийн багшаар Урлагийн Гавъяат Зүтгэлтэн бага хэмээх Дамбийн Лувсаншарав, бүжгийн багшаар Мажигсүрэн, зураачаар Эрдэнэбулган нар томилогдон иржээ.  
ХДТ болон өргөжсөн тэр үеийн талаар анхны найруулагч ардын жүжигчин Нямын Цэгмид “1950-д оны үед хөдөөгийн театруудыг хөгжүүлэх гэж бидэнд томилолт өгч ажиллуулж байлаа. Би гэхэд УГЗ, УГЖ цол хамт хүртэн 450 төгрөгийн цалинтай Ховдод очсон юм. Бид театрын гадна талыг иж бүрэн цэцэрлэгжүүлж усан оргилуур хүртэл ажиллуулж тайзнаа Д. Нацагдоржийн зохиол, Б. Дамдинсүрэнгийн хөгжим  “Учиртай гурван толгой” үндэсний дуурь, Ч. Ойдовын цомнол Б. Дамдинсүрэнгийн хөгжим “Далан худалч”  инээдмийн хөгжимт драм, А. Баряновын “Тэр талд”, Г. Мухтаровын “Гэр бүлийн нэр төр”, Америкийн дуу хоолой, Ш. Цэрэнгийн “Анхны жил”, Б. Баастын “Цогийн идэр нас”, “Костюмтэй хүн” , “Өөрсдөө шийдэг”, Л. Ванганы “Урагшлах замд”, “Эмч нар”  Н. В. Гоголийн “Байцаагч түшмэл” зэрэг үндэсний болон гадаадын сонгодог түүх хувьсгал, орчин үеийн сэдэвтэй уран бүтээлүүд туурвиж олон уран бүтээлийг дагаж чадварлаг жүжигчид төрж гарсны заримаас нь нэрлэхэд Д. Даваажав, О. Гомбо-Нянгар, П. Жавзан, Д. Занданхүү, С. Мэндээ, Д. Найдан, Д. Дэлэгням, С. Домид, Д. Пүрэвжав, Д. Лхашид, Янжин, Рэнцэнханд, Чойжилсүрэн, Дашжав, Тангад, Цэдэнхүү, Готовдорж, Дашзэвэг, М. Долгорсүрэн, Ж. Дулмаа, Бааст, Ц. Дорж, Баяраа, Т. Батнасан, Ядамсүрэн, Шарав, Очирбат, Гиваа нар байлаа”  хэмээн дурсан өгүүлжээ. Тэр үеийн уран бүтээлчдийн дундаас “Тожоо жолооч” жүжгийн Самдангийн хүүрнэл яриагаар жүжигчин Д. Дэлэгням тайзнаа анх удаа дахиулж, Ардын жүжигчин М. Яасай, МУГЖ Хүүхээ нар “Далан худалч”-нд тайзан дээр илжиг унан тоглож дээрх бүтээлүүдийг Н. Цэгмэд, Дугарсанжаа, Галсанжав, Жигмэддорж, Цэндсүрэн, Цэрэндорж, Лоовой нар өвөрмөц шийдэл бүхий сонирхолтой найруулгаар үзэгчдэд хүргэж, жүжигчдийн уран чадварлаг хөгжүүлж байв.


ХДТ болоод удалгүй Улаанбаатар хотноо анхны урлагийн 3 хоног урлагийнхны хэллэгээр “Декад” бэлтгэн тоглуулсан 1954 он бол уран бүтээлийн хамт олны хувьд ч, уран бүтээлийн цар хүрээний хувьд ч, театрын нэр төр, ур чадварын хувьд ч үнэхээр үнэлж баршгүй тустай, мартагдашгүй үе болж өнгөрчээ. Тухайн цагийн Монголын урлагийн нэрт төлөөлөгч зохиолч найруулагч Л. Ванган, хөгжмийн зохиолч Д. Лувсаншарав, С. Галсанжав, бүжиг дэглээч Ц. Сэвжид, зураач Л. Гаваа нарын “гайхамшигтай мөрөөдлийн бүрэлдэхүүн” нийслэл Улаанбаатар хотноо тоглогдох Ховд аймгийн ХДТ-ын анхны “Декад”-ыг бэлтгүүлжээ. Декадад бэлтгэх хүрээнд XX зууны эхэн үеийн Манжийн засаглалын эсрэг тууштай тэмцэгч олноо Ард хэмээн өргөмжлөгдсөн Засагт хан аймгийн Мань гүний хошууны зоригт эр, ардын тэмцлийн удирдагч Алдаржавын Аюушийн амьдрал тэмцлийг харуулсан С.Гончигийн цомнол, Д.Лувсаншаравын хөгжим “Цэцэг нуурын хошуунд” хөгжимт драмын жүжиг, Ховдын авто тээврийн IV баазын хамт олон жолооч нарын аж амьдрал, хүсэл тэмүүллийг харуулсан Л.Ванган, А.Дашням нарын зохиол Л.Ванганы найруулга “Тожоо жолооч” жүжиг, Ц. Сэвжидийн дэглэсэн Ойрадын олон угсааны бүлгүүдийн бий биелгээ, бүжгүүд, Д.Лувсаншаравын дуунууд, Алтайн магтаалын найруулга, Л. Гаваагийн бүтээсэн олон үндэстэн, угсаатны хувцас өмсгөл зэрэг урлагийн дээж бүтээлүүд төрөн гарч театрын урын санг баяжуулж өгсөн байна.
1954 онд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д. Лувсаншарав Ховдын театрын урлагийн 10 хоногийн тоглолтыг бэлтгүүлж байхдаа
“Өндөр Алтайн өргөмжөөр нь
Өрүүнээ наран манддаг
Үргэлж сэрүүн байдаг
Ямархан сайхан Алтай”-г үзэн биширч Алтайн урианхайн баатарлаг туультай танилцан суралцаад “Алтайн магтаал” гэдэг туульсийн дан найрал дуу зохиож түүндээ Алтайн магтаалыг язгуурын ая дангаар нь анхлан оруулснаар барахгүй С. Цэдээ хэмээх авъяастан хөөмэйч анх тайзнаа тэрхүү найрал дууны дундуур хөөмэйлжээ. Ингэж хөгжмийн их суутан Д.Лувсаншарав Ойрадын их урлагаас суралцаж түүний шавхагдашгүй сангаас Монголын урлагт сорчлон оруулсан байна. Тэрээр дурсан өгүүлэхдээ “1954 оны зун соёлын яамны томилолтоор Ховдын театрын урлагийн 10 хоног бэлтгүүлэхээр очсон юм. Зуны өдөр халуун гэж айхтар. Ажлын зав чөлөөгөөр бидний залуус Буянт голын хөвөөнд очиж усанд орж сэрүүцнэ. Нэг өдөр Алтай давж Булган, Алтай, Үенч суманд очиж ажиллах боллоо. Би гэдэг хүн хотоос очсон залуухан цав цагаан костюмтай ганган гэж жигтэйхэн. Явахын өмнө Ховдын театрын залуус Алтайн нуруу давахад хүйтэн байдаг, хөвөнтөй дээл дулаан хувцастай явах хэрэгтэй гэж зөвлөж байна. Би дотроо энд ийм халуун байхад хөвөнтөй дээл ч арай хэтэрнэ, хаана өмсөх билээ гэсэн шүү юм бодлоо. Тэгээд л цагаан костюмтайгаа гарлаа даа. Явсаар зам өгсөх тутам сэрүү татсаар яг Алтайн нурууны Улаан даваан дээр гарч ирэхэд цасан шамрагатай таарч хүйтэн гэж жигтэйхэн яггүй даарч байна. Гэлээ гээд яахав нөхдийнхөө үгийг аваагүй хүн. Ингэж л анх Алтай гэдэг гайхам уулстай “танилцсан”. Тэгээд буцаж Ховдод ирээд Алтайн магтаалыг концертэндээ оруулж Чандманаас ирсэн өөрийнх нь хэлснээр “хоолойгоороо ийм нэг дуу гаргадаг” гэж ярих Цэдээ гэдэг залуутай ажиллаж тэр дуунд нь Алтайн магтаалыг найруулсан юм. Улаанбаатар хотод Ховдын театрын урлагийн 3 хоног амжилттай явагдаж, сайн ажилласан хэмээн намайг Алтан гадас одонгоор шагнаж ЗХУ-д хөгжмийн дээд сургуульд явж суралцах эрх олгосон” хэмээсэн билээ. Хожим урлагийн гавъяат зүтгэлтэн Д. Гомбосүрэн Ховдын ХДТ-ын ерөнхий найруулагчаар ажиллаж байхдаа Алтайн урианхайн туулийн эхлэл болгон хайлдаг “Алтайн магтаал”-ыг төрийн шагналт алдарт туульч Б. Авирмэдтэй хамтран шинээр найруулан хайлуулсан нь Монголын соёлын өдрүүдэд тоглодог гоц номер болж алдаршсан юм. Анх хайлсан хүмүүс нь Б. Авирмэд, Б. Уртнасан, хөөмэйч Соёлын гавъяат зүтгэлсэн Д. Цэрэндаваа, морин хуурч ерөөлч Жамъян нар юм. Ингэж үе үеийн ардын авъяастнууд урлагийн зүтгэлтнүүдийн хичээл зүтгэлээр Ховдын театраас эх авсан ардын язгуур урлаг төрөлх эх орноосоо халин гарч дэлхийн мэргэжлийн урлагийн тайзнаа улам бүр алдаршин Монгол эх орны маань нүүр царай болсоор явна.
Урлагийн 10 хоногийн  үеэр хожим монголын урлагийн манлайд нь зүтгэх авъяас билэгтнүүд олноор тодрон гарсан юм. Т. Балдангийн шүлэг, Д.Лхашидийн хөгжим “Тунгалаг Буянт”дууг дуулсан сурагч Б.Зангад,  “Сартай хүрэн”, “Шаргын шарга жороо” дуугаар олноо танигдсан А.Загдсүрэн нарын уран бүтээлчид энэхүү анхны урлагийн 10 хоногийн тайлан тоглолтонд оролцжээ. Тайлан тоглолтын үеэр ХДТ-ын уран бүтээлийн хамт олны дундаас анхны тэр тусмаа 4 гавъяат зэрэг төрсөн нь “Булигаар хүрэн цүнх” дууны эзэн дуучин, жүжигчин Д. Занданхүү, “Хүргэн хүү” киноны Жамц баян хэмээн алдаршсан Д. Найдан, “Нийслэл хүү” киноны Данший өвгөн С. Мэндээ, “Далан худалч” жүжгийг анх найруулсан найруулагч Г. Лам-Очир нар байлаа.
 Тэр цагаас театрын хамт олны уран бүтээлийн чансаа сайжирч, уран бүтээлчдийн ур чадвар дээшлэхийн хамт нэр цуутай бүтээлчид олноор төрөн гарах болсон юм. Ийм их амжилтын хажуугаар эргэж дурсахад уран бүтээлдээ дүн шинжилгээ хийж зэмлэл хүртэж явсан он жилүүд бас бий. 1950 оны сүүлч 1960 оны эхээр театрын зарим уран бүтээлчид биеэ тоох, сахилга хариуцлага алдах явдал мэр сэр гарч, уран бүтээлдээ шинэчлэл хийхгүй нэг уран бүтээлийг улиг болтол тоглох явдал байснаас “зарим дуучид 1954 оны декадаар дуулсан дуугаа дуулж Ховдын театр зэвэрчээ” гэсэн шүүмжлэл соёлын яаманд очиж тус театрт яамны орлогч сайд тэргүүтэй улсын мэргэжлийн комисс ирж ажиллан уран бүтээлчдийн ихэнхийг халж, 1962 оноос шинэ бүрэлдэхүүнтэй ажиллах болж театрын даргаар Алтангэрэл, уран сайхны удирдагч найруулагчаар Ц. Раднаа, хөгжмийн багшаар Д.Чойдог, бүжгийн багшаар Жамъяндагва, найрал дууны багшаар Б. Зангад, хөгжмийн удирдаачаар М. Яасай, ерөнхий зураачаар Дашдондог нарыг ажиллуулж аймгийн бүх сургууль, сумуудаар явж авъяастан нарыг сонгон авахын тулд аймгийн намын хорооны шийдвэрээр театраа түр хааж 6 сарын курс сургалт зохион байгуулан Улаанбаатар хотоос мэргэжлийн уран бүтээлчид ирж багшлах болсноор Ховдын ХДТ-ын хоёр дахь үеийн уран бүтээлчдийн баг бүрджээ. Энэ уран бүтээлчдийн багт ня-бо Ш. Бааст, зоотехникч Ц. Далхсүрэн, малын эмч Д. Гомбосүрэн,  ЕБДС-ийн 7-10 ангиас Т. Батсайхан, М. Долгорсүрэн, Г. Эрдэв, Б. Чулуунцэцэг,  Ж. Батнасан, Д. Батсүрэн, Н. Цэвээндорж, Г. Лхагва,  Ц. Цэндхорлоо, З. Дорж, Лхамсүрэн, сувилагч Мааний, авъяастан  Д. Хишигт, Н. Гаанжуур, Г. Батсүх, Э. Хүрэлханд, Янжин, Гунгаагийн Батсүх нар шинээр орж иржээ. Шинэ багийн уран бүтээлчид “Алтайн дуулал” нэртэй иж бүрэн туульсийн концерт бэлтгэж Дугарсанжаа, Б.Явуухулан нарын зохиол “Ялалтын жигүүр” жүжгээр нээлтээ хийсэн юм. “Ялалтын жигүүр” жүжгэнд Т. Батнасан, М. Долгорсүрэн, Д.Гомбосүрэн, Лхагва, Надмид, Мааний, болон жүжиг ангийн залуу уран бүтээлчид УГЖ С. Мэндээ,  Д. Найдан, Д. Занданхүү ахмад жүжигчин С. Домид, Д. Даваажав, П. Жавзан, О. Гомбо-Нянгар нартай хамтран анхны дүрээ бүтээжээ. Жүжгийг Москвагийн театр урлагийн дээд сургууль төгссөн залуу уран бүтээлч Ц.Раднаа найруулжээ. Энэ үеэс Ц. Раднаа П. Туваанжав, Маамхүү нар Д. Намдагийн “Шинэ байшинд”, Ш. Цэрэнгийн “Будамшуу”, Ч. Лодойдамбын “Итгэж болно”, Ж. Дансранжавын “Алтан хараацай”, Ж. Лодойн “Тоглоом тоотой нь дээр”, Ч. Бямбажавын “Хэн нь манай хүргэн бэ?”, “Байшинд ортлоо”, Балжиннямын “Нийвийн толинд”, Левшейны “Онцгой даалгавар”, П. Хорлоогийн “Алтан үст охин”, Ч. Лодойдамбын “Гарын таван хуруу”, Д. Намдагийн “Хярааны хонхорт” жүжгүүдийг  найруулан тоглуулжээ. Эдгээр он жилүүд театрын драмын ангийн “Алтан үе” юм. Концертын олон арван бүтээлүүд, Жамъяндагвын сонгодог орчин үеийн жүжгүүд, З.Чойдогийн “Монгол аялгуу”, Б. Зангадын олон арван гоцлол дуу болон хамт олны найрал дуу, дан найрал дуунууд алтан тайзнаа эгшиглэж байв. 1968 онд Ховд аймгийн ХДТ-ын хөгжмийн багшаар олон жил ажилласан Бөмбөгөр ногоон театрын анхны хөгжмийн багш удирдаач жижиг Луяа хэмээх Дамбийн Лувсаншарав, 1970 онд дуучны хоолой цуцахад “та дуучнаа оруулчихаад өөрөө дохиоч таныг үзмээр байна” гэж үзэгчдээс шаардуулж явсан унаган авъяастан удирдаач М. Яасай нар УГЗ цол хүртжээ. Ховдын театрт өөрийн бүтээсэн уран бүтээлээр овоглогдсон олон чадварлаг уран бүтээлчид ажиллаж байлаа. Эдгээрийн тоонд “Учиртай гурван толгой” дуурь, “Далан худалч” жүжиг, “Цэргийн хүү” кино зэрэгт олон арван дүр бүтээсэн жүжигчин, дуучин, бүжигчин Сэржээн Домид, “Байцаагч түшмэл” жүжгийн хотын даргын охины дүр бүтээсэн МУСТА Чойжилсүрэн, “Цогийн идэр нас”, “Өөрсдөө шийдэг”, “Байцаагч түшмэл” зэрэг жүжиг кинонд олон дүр бүтээсэн жүжигчин МУСТА Рэнцэнханд,  “Цэрмаагийн баяр”, ”Цагаан хүзүүт майга бор”, ”Америкийн дуу хоолой” зэрэг 20 гаруй жүжгийн 30 гаруй дүр бүтээсэн жүжигчин Ц.Норов, дуучин “Намуун байгал”-ийн С. Цэрэндолгор болон Д. Бадарч, Г. Батсүх, Д. Батаа, Далхжав, Батжаргал, Цэрэнжав дуучин нарыг дурдаж байна. Уран бүтээлийн хамт олон дотоод, гадаадын олон тооны дуурь бүжгэн жүжиг, хөгжимт драм, концерт туурвиснаас заримыг онцолбол:  
“Учиртай гурван толгой”, “Атрын өглөө” дуурь, “Хөхөө Намжил”, “Ард Аюуш” дууриуд, “Далан худалч”, “Ховорхон бэр”, “Өнөр бүл”, “Хуурын эгшиг”, “Харуул овоон домог”, “Гэрэлт од”, “Сумъяа ноён”, “Сэндэр охин” зэргийн хөгжимт драмын жүжиг, “Хүрмэнхүү”, “Сансарт зочилсон нь”, “ Цэцгийн дэлбээ”, “ Эхийн сэтгэл”, “Олзвой баатар” зэрэг бүжгэн жүжиг, “Цэнгэлийн дуу”, “Уул усны дуулал”, “Хөөмэйн эгшиг”, “Ховдын цэнхэр эшиглэн” концерт, “Америкийн дуу хоолой”, “Байцаагч түшмэл”, “Эрхүүд болсон явдал”, “Кречинксийн хурим”, “Эхийн тал” зэрэг олон арван жүжгүүдийг нэрлэн болно. Эдгээр уран бүтээлүүд дотроос Д. Гомбосүрэн, Ц. Далхсүрэн нарын зохиол “Гэрэлт од” хөгжимт драмын жүжиг Улаанбаатарт тоглогдож  жүжгийн хөгжмийг зохиосон Лхадорж хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонгоор шагнагдан, найруулагч П. Туваанжав Мосвагийн театр урлагийн дээд сургуулийг төгсөхдөө энэхүү найруулгын ажлаараа Диплом хамгаалсан юм. Монгол туургатны үндэсний жүжгийн уралдаанд Д. Гомбосүрэнгийн зохиож найруулсан “Мэнгэ” жүжиг тусгай шагналыг авч Монгол туургатны их наадамд шалгаран  тоглогдож, Д. Гомбосүрэнгийн цомнол, Цамбаагийн хөгжим, “Эхийн сэтгэл” бүжгэн жүжгээр Москвагийн театрт урлагийн бүжиг дэглээч найруулагчийн анги төгссөн бүжиг дэглээч Д. Чилхаажав дипломоо онцсайн амжилттай хамгаалжээ.
Эл бүхнийг хийж гүйцэтгэхэд өндөр мэргэжлийн багш нар, чадварлаг уран бүтээлчдийн баг бүрдэн ажиллаж байсан нь сайнаар нөлөөлсөн байна. Сайн уран бүтээл хийхэд захиргааны дарга ажилтнууд ня-бо санхүү, галч, цэвэрлэгч, сахиулаас эхлээд театрын бүхий л бүрэлдэхүүн их үүрэгтэй байлаа. Жилд хэд хэдэн удаа урлагийн бригадаар явж уран бүтээлийн тоглолтын төлөвлөгөө биелүүлэхэд жолооч нарын авъяас билэг нөр их хөдөлмөр ордог байлаа.
1973 онд бүх аймгуудаас анх удаа театрынхаа тайлан тоглолт хийв. Энэ үед театрын дарга Д. Пүрэвжав, уран сайхны удирдагч найруулагч Д.Гомбосүрэн, хөгжмийн багш Д.Лхадорж, удирдаач М.Яасай бүжгийн багш Д.Чилхаажав, ерөнхий зураач М.Амгалан, ерөнхий ня-бо А. Жоом нар ажиллаж байлаа. Тайлан тоглолтын үеэр Улаанбаатар хотноо Содномдоржийн цомнол, Лхадоржийн хөгжим “Атрын өглөө” хошин дуурь (Монголд анх удаа тоглосон),  Дожоодоржийн зохиол “Хөрш” яриан жүжиг, “Итгэлийн дуу” концерт тогложээ. Энэ цагаас Ховдын театрын туульсийн иж бүрэн концерт бэлтгэн тоглох үе эхэлсэн юм.
Тэр үеийн Хөгжим ангийн хамт олон: Хөгжмийн багш Д.Лхадорж, удирдаач УГЗ М Яасай хөгжимчид Г. Батсүх, М. Довчин, Ц. Буянжаргал, Гу. Батсүх, Д. Ившин, Я. Дорж, П. Булгаа, Сүхбаатар, Бүдээхүү, Сосорбарам, Чингис, Бүрбаяа, Батцэнгэл, Сайнбилэг, Ичинхорлоо, Алтанцэцэг, Ц. Гомбосүрэн  Я. Юра, Дашдорж, Х.Цамбаа, Дамдинсүрэн Н. Цэвээн, Ж. Цэцэгмаа,
Найрал дууны ангийн хамт олон: Ангийн багш А. Бадам, дуучид Д. Намжил, Ш. Бааст, Г. Хашхүү, Д. Цэндсүрэн, С. Цэрэндолгор, Баттулга, Д. Дарьзав, Нарандулам, Сэндэн, Оюунчимэг, Насанхүү, Цэрэнноров, Рэгзээ, Баатаржав, Хүрлээ, Дэлгэр /хөөмийч/,
Бүжиг ангийн бүрэлдэхүүнд: Ангийн багш УГЗ Д. Чилхаажав, бүжигчид Д. Батсүрэн, Н. Наваандорж, Ж. Батнасан, Шинэбаяр, Д. Төмөрчулуун, Ц. Хуанган, О. Алтанцэцэг, Цэцэгээ, Д. Цэцэгээ, Б. Оюунхүү
Жүжиг ангийн хамт олон: Ангийн багш УГЗ Д. Гомбосүрэн, жүжигчид П. Жавзан, Д. Даваажав, О. Гомбонянгар, Т. Батнасан, Д. Дэлэгням, Цэндээ, Дагва, М. Гэндэнжамц, Дулмаа, Т. Эрдэнэбаатар, С. Домид, Ё. Алтанцэцэг
Үйлдвэр, захиргаа ангийн хамт олон: Дарга Д. Пүрэвжав, ня-бо А. Жоом, зураач М. Амгалан, ажилчин Д. Хандаа, М. Хорлоо, Б. Халтар, Ившинхорол, Нямдаваа, Жамсрандорж, Залуухүү, Цэвээн, Тэгшжаргал, Т. Жавзан, Цэрэндулам, Санжаа нар ажиллаж эд бүхний зүтгэл бүтээлийн үр дүнд тайлан тоглолт амжилттай болсон юм. Энэ тоглолтоос шилдэг бүтээлийн шагналыг М. Амгалан, Д. Чилхаажав, найруулагч Д. Гомбосүрэн нарт (хожим гурвуулаа УГЗ цол хүртсэн) олгожээ.
1973 онд театрын тайлан тоглолтоор нийслэл Улаанбаатар хотод тоглогдсон “Цэнгэлийн дуу” концертын найруулагч Д. Гомбосүрэн, бүжиг дэглээч Д. Чилхаажав, зураач М. Амгалан нар БНМАУ-ын Соёлын яамны шилдэг уран бүтээлийн шагнал, концертонд Ойрад монголын олон угсааны бүлгүүдийн бий бүжгүүдийг гоцлон бүжиглэсэн бүжигчин М. Хүүхээ, монгол ардын дуу “Аргагүй амраг”, “Хоёр сэтгэл”, “Лоолой” дуунуудыг гоцлон дуулж Ховдын Хоролмоогоор алдаршсан дуучин Д. Цэндсүрэн нар УГЖ, жүжиг концертын хувцас тайзыг урласан  зураач М. Амгалан УГЗ цолыг хүртжээ.
Ийнхүү 1954 оны ХДТ-ын уран бүтээлчид ур чадварын хувьд өсөн дэвжсэнээ харуулан 1973 оны хоёр дахь тайлан тоглолтоор гурван гавъяат нэмэгдэн, хамт олон шилдэг уран бүтээлийн шагнал хүртсэн байна.
1989 онд Улаанбаатар хотод Ховд аймгийн Соёлын өдрүүд анх удаа болжээ. Соёлын өдрүүдийн хөтөлбөрт Д. Пүрэвдоржийн цомнол, Д. Жанчивын хөгжим “Ховорхон бэр” хөгжимт драм, Ч. Ойдовын цомнол, Б. Дамдинсүрэнгийн хөгжим “Далан худалч” инээдмийн хөгжимт драм,  Д. Урианхайн зохиол “Анхны даваа” драмын жүжиг, “Уул усны дуулал” иж бүрэн туульсийн концерт, тавуул хамтлагийн “Алтайн цуурай” концерт зэрэг таван уран бүтээл багтаж байлаа. Соёлын өдрүүдийн бүх уран бүтээлийг радио, телевизээр орон даяар цацаж бүжгийн багш Д. Батсүрэн, гоцлол дуучин Ж. Батцэнгэл, Н. Тулгаа, Л. Адъяа нар шилдэг уран бүтээлийн шагнал хүртжээ. Тэр үеийн уран бүтээлчид нь Хөгжим ангид: Ангийн багш Н. Цэвээн, удирдаач УГЗ М. Яасай, хөгжимчид Х. Дамдинсүрэн, М. Довчин УГЗ, Ц. Буянжаргал, Д. Зандраа, Б. Наранчимэг, А. Сайнбилэг, Ж. Бүдээхүү, С. Нэргүй, Д. Ившин, Д.Бадамханд, Алтангэрэл, Бүрнээбаатар, Х. Лхагвасүрэн, Баатарчулуун, Эрдэнээ, Цагаанхүү, Доржпүрэв, Ичинхорлоо, Туул, Дуламсүрэн, Сүрэнхорол, Мягмар, Н. Цолмон
Найрал дууны ангид: Ангийн багш Мяасүрэн, Чулуунцэцэг, дуучид УГЖ Д. Цэндсүрэн, УГЖ Цэрэндолгор, Ш. Бааст, Г. Хашхүү, Т. Намид, М. Насанхүү, Н. Бямбасүрэн, Н. Тулгаа, Л. Адъяа, Ж. Батцэнгэл, Г. Долгормаа, Д. Цэрэнноров, Сумъяабазар, Нямсүрэн, П. Эрвээхэй, Мөнхтуяа, Т. Алтанцэцэг.
Бүжиг ангид: Ангийн багш Д. Батсүрэн, бүжигчид МУГЖ Б. Дугараа, О. Алтанцэцэг, Д. Болор-Эрдэнэ, Б. Бундан, Д. Ганцоож, С. Оюунтунгалаг, С. Мягмардорж, Ц. Нямдаваа, Д. Пүрэвдорж, Ц. Баасанхүү, Ж. Батнасан, Н. Эрдэнэтунгалаг, Х. Жанболот, Д. Баасанжав, Ж. Эрдэнэхорол, Б. Бадамтөгс, Х. Серхан, Ш. Ням-Очир, Ц. Бямбасүрэн, Ю. Аянур,
Жүжиг ангид: Ангийн багш МУГЗ Д. Гомбосүрэн, жүжигчид Н. Сэнгэдорж МУГЖ Л. Баатаржав, М. Гэндэнжамц, Лхагва, Батзандан, Төмөрбат, Энхтуяа, Ц. Цэндхорлоо, Б. Гиймаа, Т. Цэцэгмаа /найруулагч/,  Эрдэнэхишиг, Аяхаан, Эрдэнэчимэг, Чилгэр, Л. Балжинням,
Үйлдвэр захиргааны  ангид: дарга Ц. Гомбосүрэн, ня-бо Ариунаа, нярав Р. Галсандорж, Ж. Жамсрандорж, Поржвой, зураач Ж. Ганбат, Я. Эрдэнэхүү, Лхангаадорж, Я. Даваажав, У. Намсрай, Цэрэндулам, Залуухүү, хандаа, Т. Жавзан, Т. Хорлоо, Ичинхорлоо, Мандаа, Лхамсүрэн, Цэцэгсүрэн, Ганхорлоо, Ганторх, Долгор, Тэрбиш, Уртнасан, Ууш, Оюунчимэг, Батжаргал, Рэнцэндорж нарын бүрэлдэхүүн ажиллаж байлаа.
1989 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Ховд аймгийн соёлын өдрүүдээр Ч. Ойдовын цомнол, Б. Дамдинсүрэнгийн хөгжим “Далан худалч” хөгжимт драм 3 удаа тоглоход билет дуусч зарим үзэгчид суудалгүй урдуур сууж үзэж байлаа. “Уул усны дуулал” концертыг Монголын радио телевизэд иж бүрэн бичлэг хийлгүүлж орон даяар цацагдаж байсан зэрэг нь тухайн үедээ уран бүтээлийн тун өндөр үнэлэлт байсан юм.
Ховдын ХДТ 1970-1990 оны хооронд уран бүтээлчдийн мэргэжлийн бүтэн хамт олон бүрдэж дэлхийн болон өөрийн орны зохиолчдын томоохон хэмжээний уран бүтээлүүдийг тайзнаа найруулан тавьж ихэд үр бүтээлтэй ажиллаж байлаа. Энэ үед жүжиг ангид УГЖ С. Мэндээ, Д. Найдан, Д. Занданхүү нараас гадна жүжигчин Д. Даваажав, О. Гомбонянгар, Д. Дэлэгням, П. Жавзан, Т. Батнасан, Н. Сэнгэдорж, Б. Гиймаа, Ц. Цэндхорлоо, М. Гэндэнжамц, Ч. Баярлах, Буянхишиг, Л. Баатаржав, бүжигчин Д. Батсүрэн, Д. Төмөрчулуун Ж. Батнасан, И. Хуанган, Б. Дугараа, О. Алтанцэцэг, Б. Бундан, Ц. Даваадорж, Ц. Цэндхорлоо. Н. Юмсүрэн Л. Янжиндулам, дуучин М. Насанхүү, Ш. Бааст, Г. Хашхүү, Д. Цэндсүрэн, Д. Цэрэнноров, С. Цэрэндолгор нар ажиллаж байлаа. Жүжигчин П. Жавзан “Толгоной эхэд” жүжиглэж, уран бүтээлчид Сухова Кобылены “Кречинскийн хурим”, Алексей Арбузовын “Эрхүүд болсон явдал” Ион Друцэгийн “Сэтгэлийн жигүүр”, Н. В. Гоголийн  “Амьгүй албат”, Л. Толстойн “Сэхээрэлт”, Азат Авдулены  “Хамтралын арван гурав дахь дарга”, Д. Намдагийн “Эрдэмтний яриа”, Д. Мягмарын “Хөдөө нутгийн бэр”, М. Тогмидын “Эрэлхэг тавын домог”, З. Гүнсэнгийн “Хөгжөөнтэй алхам”, Д. Гомбосүрэнгийн “Мэнгэ” Л. Загджавын “Хий халуунтай хүн”, “Хөрш”, “Ховорхон бэр”-г жүжгүүд тоглогдож монголын радио телевизэд бичигдэж нийтийн хүртээл болсон юм. Д. Жүгдэрбарамын зохиол “Өшөөтөн өөрөө төрдөг” жүжиг баруун таван аймгаас шалгарч Улаанбаатар хотод Монгол туургатны их наадамд урилгаар тоглогдож зохиолч нь жүжгийн шилдэг зохиолчийн шагнал хүртжээ.


МУУГЗ Жамсранжав, Д. Гомбосүрэнгийн цомнолоор бүжиг дэглэгч Д. Батсүрэнтэй хамтран “Олзвой баатар” бүжгэн жүжиг туурвисан нь театрын түүхэнд мөнхрөн үлдсэн юм. Морин хуурч МУГЖ М. Довчин П. Хорлоогийн цомнол “Бум-Эрдэнэ”,  “Хуурын эгшиг” зэрэг жүжгүүдийн хөгжмийг бичиж, хөгжимчин А. Сайнбилэг “Сэндэр охин”-ы домгоор Д. Гомбосүрэнгийн цомнол “Лай ч бий, зай ч бий” жүжгийн хөгжим зохиож театрын урын санг хөгжүүлж найруулагч Ч. Баярлах, Д. Гомбосүрэнгийн зохиол “Шулмасан Нагарын шидэт хүүрийн домог” өчил жүжиг найруулж аймгуудаар тоглуулж бүх зарлагаа нөхөөд жүжигчин тус бүрт анх удаа 100 мянган төгрөгийн шагнал олгуулсан нь нэгэн содон үйл явдал болсон юм.
Театрын тайзнаа өөрийн уран бүтээлээр нэршиж үзэгчдэд хүндлэгдсэн олон уран бүтээлчид төрөн гарав. Тэдгээрийн тоонд шог хошин дууг гайхамшигтай амилуулан дуулагч домборчин дуучин узбек Намид, муур, нохой хэрэлдүүлэхээс эхлээд олон арван инээдмийн шилдэг үзүүлбэрүүд бүтээсэн жүжигчин Л.Баатаржав, Д.Дэлэгням, авъяаслаг дуучин Г. Хашхүү, Д. Намжил, Ж. Нямсүрэн, Н. Бямбасүрэн, Ш. Бааст, Д. Цэрэнноров, И. Уранцэцэг, Х. Эрхэмбаяр, Д. Оюунцэцэг, М. Баатар, Д. Тунгалаг, Т. Дарьзав, МУГЖ Д.Болормаа, бүжигчин Ганцоож, Ю.Аянур. Ц.Нямдаваа, С.Мягмардорж, Ням-Очир, Баасанхүү хөгжимчин Н.Цолмон, Баатарсүрэн, Н.Норовням нарыг нэрлэхэд болно. Улсын хэмжээний уран бүтээлийн уралдаанаас шилдэг дүрийн шагналыг жүжигчин  Л. Баатаржав, Гэндэнжамц, Л.Балжинням дуучин Ж. Нямсүрэн, Н. Бямбасүрэн, Г. Хашхүү, Г.Долгормаа бүжигчин УГЖ Б.Дугараа нарын уран бүтээлчид хүртжээ.  
Тус театрын уран бүтээлчдийн байгуулсан “Цаст-Алтайн цацал”, “Таван эрдэнэ”, “Алтайн цуурай”, “Баян монгол” зэрэг цөөхүүл хамтлагууд ажиллаж “Алтай цуурай” хамтлаг өөрийн гадна  гадаад орнуудад тоглоцгоож үзэгчдээс өндөр үнэлэлт авсан юм. Уг хамтлагт УГЖ Дугарай, Сэнгэдорж, УГЗ Довчин гоцлол дуучин Баяраа, УГЖ Цэрэндолгор, хөгжимчин Булгаа, Ившин зэрэг олон уран бүтээлчид багтаж байв.
Ховдын ХДТ-ын хамт олны дундаас Ж. Чулуун, З. Чойдог, Д. Мяасүрэн, Ч. Жамсранжав, Б. Лхадорж, Н. Цэвээн, Ц. Гомбосүрэн, С. Цамбаа, Н. Цолмон, УГЗ М. Довчин М. Алтангэрэл, Ж. Батцэнгэл, А. Сайнбилэг, Х. Эрхэмбаяр Б. Энхтайван, Н. Норовням, Төмөрсүх, Б. Хүрэлбаатар нарын хөгжмийн зохиолчид төрөн гарч олон сайхан дуу хөгжим зохиож театарынхаа урын санг баяжуулж “Морин хуур” наадмын шагналыг Н. Цолмон, Н. Цэвээн, Б. Хүрэлбаатар нар хүртэж байлаа..
Бүжигчин УГЖ Дугарай, СТА Бундан, Чимэгмаа, Нямдаваа, Баасанхүү, Мягмардорж, Батнасан, Болор-Эдэнэ, Занданхүү, Ганцоож нар тайлан тоглолтоос хийж театрын урын санг баяжуулсан юм.  
Ховд аймагт анх цахилгаан хөгжим дэлгэрч эхлэхэд тус театрын хөгжимчин Н.Цолмон, Ц.Баатарсүрэн, Бүрнээбаатар, дуучин Ч.Ганчимэг нарын авъяаслаг залуус “Мөнгөн давалгаа”, “Жангар” хамтлагуудыг баруун аймгуудад амжилтай аялан тоглолт хийж уран бүтээлийн арвин олзтой явснаас “Жангар” хамтлагийн гоцлол дуучин П.Ганбат СУИС-д суралцан төгсөөд дэлхийн эртэй дуучин болж олон улсын уралдаанаас тэргүүн байруудыг эзлэн ОХУ-ын Улаан-Үд, Новосибирск хотуудын академик театрт уригдан ажиллаж МУГЖ цол хүртэж байсан тун бахархууштай үйл явдал байлаа. Хөгжим ангийнхан скрил, ятга хөгжмийг ангиараа эзэмшиж тоглолт зохион байгуулж байв. Ер нь театр дагалдангаас эхлээд мэргэжлийн жүжигчид их дээд сургууль төгссөн хүмүүсийн уран чадварыг тогтмол дээшлүүлэхийн тулд өвлийн цагийн үзвэр үйлчилгээний нээлтээ хийчихээд анги бүрт мэргэжлийн хичээлийг нарийн хувиартайгаар явуулж жил бүр уран сайхны зөвлөлөөс хүн нэг бүрээс шалгалт авч хаадаг байв. Тэр үед жүжигчдээс уран чадвараас гадна улс төрийн шалгалт авдаг байв. Тус театрын жүжигчин Т. Намид газрын зураг дээр Америк тивийг заа гэхэд Ардчилсан Америк уу? хэмээн асуусны төлөө улс төрийн шалгалтанд унаж хасагдаад төд удалгүй авъяасыг нь үнэлэн дахин авч ажиллуулж байсан нь түүх болон үлджээ.
Тус таетраас олон арван уран бүтээлчид Улаанбаатар хот бусад аймгуудад шилжин ажилласнаас Сэлэнгийн долгио чуулгад ажиллаж байсан Лувсандаш УГЖ, Хөвсгөл аймгийн ХДТ-ын бүжгийн багш Чилхаажав УГЗ, улсын ардын дуу бүжгийн эрдмийн чуулгын хөөмэйч Сундуй УГЖ цол хүртэж, дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Төмөр-Очир шилдэг дуулаачийн улсын уралдаанд Балганы дүрээр нэгдүгээр байр хүртэж, Улаанбаатар чуулгын гоцлол дуучин Т. Баяраа, Дарханы Хүүхэд залуучуудын театрын дуучин Төмөрбат, Ч. Ганчимэг, Эрдэнэтийн соёлын ордоны дуучин Дарьзав зэрэг олон арван уран бүтээлчид театрынхаа нэр төрийг өндөрт өргөн уран бүтээлээ туурвисаар явна.
1990 оноос уран бүтээлчид өөр өөрсдийн тайлан тоглолтыг хийж эхэлсэн  нь хувь уран бүтээлчийн уран чадварын түвшинг тодорхойлохоос гадна тэдний урын сангийн баяжилтанд ахиц гаргажээ.
Хэдийгээр нийгмийн байгуулал өөрчлөгдөн зах зээлийн нийгэмд шилжин хүнд хэцүү цаг байсан боловч Ховдын театрын хамт олон “үүдээ хааж үзэгчдээ хохироосонгүй” боломж бололцоогоо дайчлан ажиллаж Ц. Жарантайн “Солиорол”, Д. Жүгдэрбарамын “Золиос” Л. Тосмоон “Сэтгэлд үлдсэн сүүдэр”, Ч. Бямбажавын “Алт зүүдэлсэн шөнө”, Н. Цэвээний “Ээжээс илүү эрдэнэ”, “Сумъяа ноён”, Н.Цэвээн, М.Ганболд нарын “Буйр сэлгэсэн чулуу”, Д. Гомбосүрэнгийн “Лай ч бий, зай ч бий” Ч. Баярлах, Д. Гомбосүрэн нарын “Шидэт хүүрийн шулмасан Нагарын өчил” зэрэг олон уран бүтээлүүд туурвисан байна.
Ховдын ХДТ-ын хамт олон Чехословок улсад “Эгшиглэнт Алтай”, ОХУ-ын Тувагийн БНУ-д улсад “Тунгалаг Буянтын дуулал”, ОХУ-ын Уулын Алтайн БНУ-д “Ая дууны гайхамшиг”, БНХАУ-ын ШУӨЗО-ны Баянгол монгол өөртөй засах аймаг, нийслэл Үрэмч хотод “Ардын баяр”, Тажик улсад “Бидний ая дуу” концертууд тоглон олон үндэстэн угсаатныхаа дуу хуурийн баян сангаас гадаадын үзэгчдэд толилуулж байлаа.
Уран бүтээлчдийн залгамж халааг алдахгүйн тулд Театр гадаад дотоодын дээд сургуульд боловсон хүчнээ системтэй бэлтгэж байв. Москвагийн театр урлагийн дээд сургуулийг бүжиг дэглээч найруулагчаар Д. Чилхаажав, Ленинградын урлагийн их сургуулийг хөгжмийн удирдаачаар Н. Цэвээн, бүжиг дэглээчээр Д. Батсүрэн, Д. Төмөрчулуун Ц. Хуанган, ЗХУ-ын найрал дууны дээд сургуулийг А. Бадам, Б. Чулуунцэцэг, Болгарт дуулаачийн их сургуулийг Д. Намжил, ЗХУ Улаан-Үд хотын соёл урлагийн академийг Т.Цэцэгмаа, Г. Оюунчимэг, УБДС-ийн кино драмын найруулагчийн ангийг Д. Гомбосүрэн, Ч. Баярлах, Г. Оюунчимэг, хөгжмийн зохиолч удирдаачийн ангийг Ц. Гомбосүрэн, дуулаач хөгжмийн зохиолчийн ангийг Эрхэмбаяр, жүжигчний ангийг Ц. Цэндхорлоо, Батзандан СУИС-ийг жүжигчин найруулагчийн ангийг С. Ариунаа нарын уран бүтээлчид төгсөн төрөлхи театртай ажиллаж байлаа. Энэ жилүүдэд 219 концерт 85 жүжиг туурвиж улсад 5 удаа шөвгөрч, Баруун аймгуудын бүсийн уралдаанд 6 удаа нэгдүгээр байр эзэлж, арван таван гавъяатыг өөрийн тайзнаас төрүүлсэн улсад алдар цолоо өргүүлсэн ууган театрын нэг болж чадав.
ХДТ-ын хамт олон 20 жилийнхээ ойгоор 1970 онд “Алтан гадас” одонгоор шагнагдснаас гадна уран бүтээлийн олон шагнал хүртэж байлаа. Тухайлбал:
1973 онд Улаанбаатар хотод аймгуудаас анх удаа тайлан тоглолт хийж “Атрын өглөө” хошин дуурь, “Олон ястаны цэнгэлийн дуу” концерт, “Хөрш” жүжиг тоглосон тул Соёлын яамнаас төгөлдөр хуураар, 1981 онд Баруун таван аймгийн театр, уран бүтээлчдийн төвшин тогтоох шалгалтаар “Эрдэмтний яриа”, “Далан худалч” жүжгүүд, “Алтайн дуулал” концерт нийлбэр дүнгээр нэг дүгээр байр эзлэж 2 дахь төгөлдөр хуураар, 1987 онд Баруун таван аймгийн уран бүтээлчдийн дунд “Ховорхон бэр” хөгжимт драмын жүжгээр уралдаан зарлахад  нэгдүгээр байр эзлэж 3 дахь удаагаа төгөлдөр хуураар шагнуулж байлаа. Энэ бүхний гадна мэргэжлийн урлагийн байгууллагуудын дунд зарласан уран бүтээлийн 6 удаагийн уралдаанд  нэгдүгээр байр эзлэж, Монгол туургатны удаа дараагийн их наадамд амжилттай оролцжээ.
2000 оноос хойш Н.Цэвээн, М.Ганболд нарын зохиол Н.Сэнгэдоржийн найруулга “Буйр сэлгэсэн чулуу” хөгжимт жүжиг, Н.Сүхдоржийн зохиол Н.Сэнгэдоржийн найруулга “Ану хатан” хөгжимт жүжиг, Н.Сэнгэдоржийн зохиол, найруулга “Харуул овооны домог”, “Музей амилсан нь” дуулалт жүжиг Америкийн зохиолч Жек Лондоны “Мартин Иден” романаар жүжиг болгон бичиж найруулсан Н.Сэнгэдоржийн “Мартин Иден” жүжиг, З.Гүнсэнгийн зохиол, Д.Лувсаншаравын хөгжим ” Галын дөл өөдөө” хөгжимт драм , Д.Урианхайн зохиол ” Үхэхээс хойно, төрөхөөс өмнө” драмын жүжгийг найруулан тавьж хүүхдэд зориулсан ” Шидэт виз” нэг, “Шидэт виз” хоёр , хөтөлбөрүүдийг С.Ариунжаргал найруулан тоглуулжээ.
Найруулагч Б.Мөнхдорж /АЖ/, Ж.Мюллерийн зохиол “Бэрд” жүжгийг найруулан тавьсан бол нарйуулагч Т.Цэцэгмаа /МУСТА/ Шиллерийн “Хар санаа хайр сэтгэл”, Н.Ганхуягийн “Огторгуйд очиж амьдарна”, Б.Лхагвасүрэнгийн “Улаан тэргэл сар”, С.Жаргалсайханы “Галзуу хот”, Л.Лхагвасүрэнгийн “Гахайн ганц торой” Бирваагийн “Ишиг гэдэг хөөрхөн нэр” жүжгүүд найруулан үзэгч олондоо хүргэхийн хамт “Эрхэм төр”,  “Тэнгэр аялгуу”, “Уяхан замбуутивийн нар”, “Ховдын цэнхэр эгшиглэн”, “Тэнгэрийн ивээл” зэрэг 40 гаруй концертоор уран бүтээлийн урын сан баяжсан байна.
ХДТ-ын Д.Цэрэнноровын “Морин эрдэнэ” гоцлол дуучин Д.Болормаагийн “Ээжийн сүүн цацал”, “Алтайн хөх салхи” бие даасан тоглолт, Драм ангий уран бүтээлчдийн “Эрчтэй дээс, тайлан тоглолт, АЖ Д.Маясүрэнгийн “Мөнхөд эгшиглэх аялгуу” дуун цэнгүүн, бүжигчин Б. Бундангийн “Алтайн бүжгийн цацал” бүжгийн концерт, “Уул ус маань үгүйлээд  байдгийм гэнэ лээ” Х.Эрхэмбаярын уран бүтээлийн цэнгүүн, жүжигчин Б.Гиймаагийн “Сүүн цацал” уран бүтээлийн тайлан тоглолт. дуучин М. Баатарын “Аавын бичсэн захиа”, “Сэтгэлд мөнхөрсөн аялгуу” тайлан тоглолт. Хөгжмийн багш Н.Цолмонгийн “Маргад сутайд хоргодсон нутаг амьтай эгшиглэн” тайлан тоглолт, найрал дууны багш Д.Батцэнгэлийн “Дөлгөөн цэнхэр